ЭРХЭМ ЗОРИЛГО
“Хэрэглэгчдийг найдвартай цахилгаан эрчим хүчээр тасралтгүй хангах, байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологид тулгуурлан үйл ажиллагаа явуулах"
Эрхэм хүндэт эрчим хүчний салбарын хамт олон, хэрэглэгчид ээ!
Та бүхэнд Монгол Улсын эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний түүхт 103 жилийн ойн баярын мэндийг “Дөргөний Усан Цахилгаан Станц” ХХК-ийн нийт хамт олны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлээсээ дэвшүүлье!
Бид эх орныхоо баруун хязгаарт гэрэл гэгээг түгээх ариун үйлсэд сэтгэл зүрхээ зориулж, хөдөлмөр бүтээл, авьяас чадвараа харамгүй зориулж яваа инженер, техникийн ажилтан, албан хаагчид, ахмад буурлууд болон эрчим хүчний үнэнч хэрэглэгч Та бүхнээрээ бахархаж байна.
“Дөргөний Усан Цахилгаан Станц” ХХК нь Монгол Улсын эрчим хүчний салбарын гал голомт, хөгжлийн тулгуур болсон түүхийг 2008 оноос хойш тасралтгүй 17 дахь жилдээ хамтдаа бүтээлцэж байна. Бид баруун бүсийн нийт хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээний 14-20 хувийг бүрэн хангаж, сэргээгдэх эрчим хүчний салбарын ууган компаниудын нэг болон тогтвортой, амжилттай үйл ажиллагаагаа явуулж байгаадаа туйлын баяртай байна. Энэ хугацаанд бидний хуримтлуулсан туршлага, хүрсэн ололт амжилт, хамт олны маань сэтгэл, зүтгэл нь компанийн маань үнэт зүйл болж байна. Өнөөдөр бидний өмнө эрчим хүчний хэрэглээний өсөлт, хэрэгцээт үйлчилгээний цар хүрээг тэлэх, найдвартай, аюулгүй, шуурхай байдлыг хангах зэрэг томоохон шинэчлэлт, сорилт бэрхшээлүүд тулгарч байна. Гэвч бид туршлагатай, чадварлаг хамт олныхоо ажилч хичээнгүй тэмүүлэл, нэгдмэл хүчээр эдгээр сорилтыг даван туулж, ирэх он жилүүдэд илүү хөгжингүй, шинэлэг шийдлүүдийг нэвтрүүлэн, салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах болно гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Та бүхний ажилд амжилт, амьдралд нь аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
ХҮНДЭТГЭСЭН: Д. АЛТАНСҮХ
“ДӨРГӨНИЙ УСАН ЦАХИЛГААН СТАНЦ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ